Tuesday 27 January 2015

Цор ганц аялагч

Тэр амьдралд минь гэнэтхэн л орж ирээд
Урьд хэн ч хэлээгүй дулаан үгсийг шивнэж
Урууланд минь өөр бусад шиг сохроор шуналгүй
Учрах бүртээ өвөр лүү бус сэтгэл рүү өнгийж
Өөртөө дурлуулсан... Өөрийнхөө сэтгэлд...
Гэнэн багын мөрөөдөл төсөөлшгүйгээр биелж
Гэрээ тойроод нэг л замаар олон дахин алхаж
Яриад л, сонсоод л... хөтлөөд л тэгээд алхаад л
Яг ийм үдшийг би хэчнээн удаан хүлээсэн гээч...
Яагаад ч одоо биелэхгүй гээд мартсан байсныг яана.
Шөнө хагасласан зугаанаас ганцаар харьж ахуйд
Шуурга шиг хийсээд ирсэн түүний СЭТГЭЛ-ийг
Тэгээд инээмсэглэн, бүр баярлаж байсныг нь
Тэр л агшинг дурсахад анхны болзоо шиг догдолж
Дахиад мянган жил ч түүнд итгэж чадахаа мэдэрдэг.
Бүү мэд дээ, говийн хүн ус хараад баярладаг шиг
Ганцхан учирсан болохоор... гэж би гайхахгүй байна
Гарцаагүй сэтгэлийн гүнд нуугдан байсан шувуухай
Ганганан дэгдээд баяртай байхыг одоо л харж байна
Өөр хэн ч түүнийг, өмнө нь сэрээж байгаагүй юм.
Үе үе хацраа чимхэж үзэх юм, өвдөж байна лээ
Өглөө сэрээд надад зориулсан дууг нь сонсож
Өчнөөн удаан хүлээж чадна гэж хэлснийг нь санадаг
Цаг хугацааны дарамтыг мартаад зүгээр л ИТГЭДЭГ
Цаана нь юу ч байхгүй мэт түүнийг л зорьдог
Тэр бол миний буудаллах эхний бас эцсийн цэг
Тэгээд үхэл хүртэл үүрд хамтдаа дэлхийг тойрох

Цор ганц аялагч... 


Намайг сулла, хонгор минь

Боль доо, битгий ингэж тэвэр
Бүү уйл, эр хүн байна, хэрэггүй шүү дээ
Баяртай гээд хэлчихвэл би зүгээр л явчихъя
Байг л дээ, гар чинь дэндүү чанга байна
Намайг хар л даа, нүд рүү минь хар
Намар ч ингэж гуниглуулдаггүй юм
Зүрх минь бүр ч их шархалсан байгаа
Зөв гэж шийдсэн болохоор л явах гэж байна...
Хагацана гэхэд амаргүй байна, үнэндээ
Хамт бүтээсэн дурсамжууд зогсоо зайгүй бодогдоод
Эргээд гүйгээд л ирчихмээр санагдсан ч
Эмэгтэй хүн нэг л шийдвэл буцдаггүй юм
Чи ч намайг мэднэ биз дээ, хонгор минь
Чимээгүй уйлаад л байх хэрэг үү?
Одоо боль доо, би чамайг өөрөөр дурсмаар байна
Омголтсон уруул, нойтон харцыг санамааргүй байна
Тэврэлтийг чинь үгүйлж шаналмааргүй байна
Тэвчээд үлддэг байж гэж харамсмааргүй байна
Зүгээр л инээмсэглээд бүр явуул, намайг
Зун ирэхэд цэцэгсийн өнгө дүрийг минь бүдгэрүүлж
Шөнө гэрэлтэх одод илүү сайхан харагдаж
Шүлэг, дуугаар орлуулж чаддаг болчих нь
Үнэн байсан худлаа байсан гэж би юу ч хэлэхгүй
Үүрд сэтгэлдээ алийг нь хадгалахаа би өөрөө шийднэ
Дулаахан гар, халуухан тэврэлтийг чинь ахиад нэг л мэдрэе
Тэгээд сүүлийн үнсэлтийг чамд үлдээе...
Одоо зүгээр л намайг торноосоо сулла

Оройтойгүй дээр нь далавчаа дэвээд тэнгэртээ би нислээ... 


1095

Хэрвээ чамайгаа санаад өдөр бүр нэг шүлэг бичвэл
Мянга ерөн тав дахь шүлэг ямар байх бол?
Аз жаргалтай, халуун тэврэлтийн амттай байх уу?
Аль эсвэл цээж урсан, гашуун байх уу?
Зуу ч хүрэлгүй шууран эргэлдэх хүчит салхинд
Хуйлран хийсээд шувууд шиг алга болчих ч юм уу
Гурван зуун жар хүртэл догдлом байсан атлаа
Гуниглаж эхлэх юм болов уу, түүнээш цааш, яадаг бол?
Хэд нь нулимс шингээж, хэд нь инээмсэглэл тодруулсан
Хэд нь дурсамж руу буцаж, хэд нь мөрөөдөлд тэмүүлсэн
Хэд нь итгэсэн, хэд нь  шантарсан байх бол?
Хэлж мэдэхгүй ч цуцалтгүй бичсээр л байя
Мянга ерөн тав дахь шүлгээ бичиж дуусгаад
Минийх болсон ч, болоогүй ч чамд хаяглаад илгээнэ
Түүгээр чи насаараа амьдрах байшингаа ч барьж мэднэ
Түлээд ганцхан шөнө өөрийгөө дулаацуулж ч болно.
Онгоц бүтээгээд дэлхийг тойрохыг ч юуны магад
Онцолж заримыг нь дуу болгосон ч болох юм
Яасан ч ер чиний л дур, дараа нь бүгд чинийх

Яг мянга ерөн зургаа дахь шүлэг л биднийх байгаасай...


УЙДАХГҮЙ ЭЭ, ЧАМААС...


Зогсоо зайгүй бороо асгарсан бүрхэг өдрүүдийг
Зовлон болгож, уйтгарлаж үзээгүй би
Өвөл гэж байдаггүй мөнхийн халуун оронд ч
Өнжин саатаж удахдаа гуниж байгаагүй
Дандаа цас орсон ч хамаагүй, би бол залхахгүй
Дахин дахин нэг л замаар алхах хэрэгтэй байсан ч
Юм бүхнийг шинэхэн юм шиг хардаг шигээ
Ер чамаасаа бол би хэзээ ч уйдахгүй ээ.
Өвөө эмээгийнд нэг жил амьдрахдаа
Өдөр бүр гурилтай шөл иддэг л байсан
Үнэндээ уйдаж байгаагүй, амттай гэж яана
Өөр хоол мөрөөсөж, хошуугаа унжуулж ч үзсэнгүй.
Хэрэгцээ хангаж л байвал түүнийг “Чанар” гэдэг гэж
Хэзээ ч билээ нэг хичээл дээр зааж байсан юм
Үнэн зүрхнээсээ надад хайртай хүн л миний хэрэгцээ
Өөр шинэ хувилбар гарсан ч үсчиж гүйхгүй ээ, би
Худлаа ч үгүй, итгэхгүй бол хувцаснуудыг минь хар
Хуучирч элэгдээд, мод нь халцарсан гитарыг минь хар
Хөг нь сааралтаад, төмөр нь зэвэрсэн хуурнуудыг минь хар
Хөлд эвтэйхэн ч ул нь нимгэрсэн converse-г минь хар
Хар ч гэж дээ, ээж нээрэн  “уранхай кеттэй явлаа” гээд
Хаячихсан байна лээ, намайг эзгүйд, хайртыг минь
Гэхдээ тэр бол гутал шүү дээ, ойлгож байна уу
Гарцаагүй чамд бол татагдаж орхино, ээж
Яагаав, надад өмсүүлэх гэж аваад, таараагүй атал
Янзын сайн материалтай гээд арван жил хадгалсан
Өвлийн арьсан гутал шигээ өнгөлж зүлгээд
Өөрийнхөө хүү шиг хайрлаж таарна даа.
Гар дээрээ бөмбөрүүлж, эрхүүлээд
Гай болж бүр надаас чамайг өмөөрөөд
Ганц охиноо өөрөөс нь дутахгүй хайрлаг гэсэндээ
Газар дээрх бурхан шиг л зөөлөн хандана байх даа.
Дүүрэн дүүрэн хайр, хүндэтгэл, халамж анхаарал
Дэндүү яршигтай санагдаад уйдаж орхих уу? чи
Үгүй гэвэл хувь тавилан, заяандаа бас өөртөө баярла!

Үүрд чамаас уйдахгүй надтай учирсандаа...


Гэгээн гуниглал

Гэрэлт гудамжинд алхан ороод харанхуйг мартаж
Холхин зугаалах олонд уусаад ганцаардлыг орхино
Түмний амьсгалд дулаацан хүйтнийг үл ажраад
Малгайгаа тоссон хөгжимчний дэргэд удаан зогсоно.
Бямба гарагийн үнэгүй дарс урууланд амтагдаж
Үнэр нь биеэс анхилахад улам согтоно.
Бороо мэт цасан орохын учрыг өвлөөс асууж зүрхлэхгүйн адил
Болзоот залуу минь орхиод одсон учрыг хэнээс ч үл хайна.
Халаасанд үлдсэн сүүлчийн ганц зоосоо сарвайж
Гар нь бээрсэн гитарчны малгайнд унагаж орхиод
Тамхи баагиулан урдаас алхах шонхор хамартын
Тал биеийг нь мөрлөж, уучлал ч гуйлгүй өнгөрөөд
Галт тэрэг аль хэдийн явчихсан байсанд итгэлгүй
Гарцан дээр үүр цайтал хүлээж зогслоо...
Танго бүжиглэж байсан тэр гудамжыг санаж байна
Тэнд бид анх үнсэлцсэн, саргүй үдэш байсан. 
Өөр биднийг харах хэн ч үгүйд ичээгүй болохоороо
Өөрийгөө урьд хэнд ч өгөөгүй гэж хэлж зүрхлээгүй
Чи анхных байснаа мэдээгүй, мэдсэн ч итгээгүй...
Миний мөрөөдөл бол үздэг жүжгээс чинь өөрцгүй санагдсан
Тэгээд дараагийн удаа дуурь үзэхээр шийдээд
Даанч өөртөө зохимгүй хослол өмсөөд гарсан даа, чи
Харьж яваа гитарчинтай ахиад таарлаа, гартаа дарс барьчихаж
Хангалттай биш ч, магад хэр таарсан орлого олж дээ
Харин би хөгжимд дурласан сэтгэлээс өөр юу ч үгүйгээр

Харанхуйд хүртэл гологдон ганцаар үлджээ... 


Бяцхан эр хүн чамд

Битгий уйлаарай, бяцхан эр минь
Нэгэн цагт чи бүхний хайрыг татсан
Жинхэнэ ухаалаг эр хүн болно
Будагтай хүүхнүүд араас чинь гүйсэн ч
Эргэж харахгүй буурьтай хүн болно
Ээж чинь тэрний л төлөө богино даашинз өмсөж
Энгэсэг түрхэж аальгүйтээгүй юм
Мөнгө шидсэн залуугийн өмнөөс муухай харчихаад
Муу үрээ л гэж тэдний алганы амтыг үзсэн байж таарна.
Цэрэгт явсан эцгийн чинь энгэрт үүрд үнэнч байж
Чин хайрын баталгаа болгож чамайг л гэсэндээ
Илүү үгтийн дэгээнд бүдрэлгүй, эгц алхаж
Эрийн цээнд хүргэхсэн гэж зүдэрсэн биз дээ
Арай л дэндүү эрт орхисон гэж бүү гомдолло
Арга байгаагүй ч байж мэднэ, түүнээс өөр
Аав чинь дуудаад сүүлчийн удаа уулзах гэсэндээ
Амин үрээ үлдээгээд одсон байж таарна.
Одоо нэг л удаа сайхан уйлаад, орилж чарлаад
Асгарч болох нулимсаа уудлаад ав, дуусга, тэгээд
Шинэ ээжийнхээ гараас юу ч болоогүй мэт хөтлөөд
Ширээний ард сууж сур, бас инээж сур
Үрээ алдсан бүсгүйн сэтгэлийг үүрд дэвтээх
Үнэнг мартуулж чадах цор ганц ухаан нь бол
Өөр юунд ч чамаас илүү амиа тавихгүй болохоор
Өр зөөлөнг мэдрүүлсэн хүү нь бол, хайрла
Нулимсаа арч бяцхан эр минь,  тэгээд инээмсэглэ
Ертөнцийн хайрыг мэдэрсэн жинхэнэ эр хүн болно оо чи.



Чамгүйгээр амьдрахаар...

Өмнө хэзээ ч чи дэргэд байгаагүй атал
Өнөөдрөөс би чамгүйгээр амьдрахаар шийдлээ
Тархиндаа зурсан чиний хөрөг дээр зориуд кофегоо асгаж
Дахиад сэргэхгүй болтол нь норгохыг хүслээ.
Сайхан үгс, амласан хайранд чинь мансуурч
Санааширч бичсэн тэмдэглэлийн дэвтрээ хуудас бүрээр нь салгаж
Нэгэн үдшээр нүдээ баясгаж галын наадам хийхдээ
Нэрийг чинь хамгийн түрүүн шатааж хаяна аа.
Чиний үгсээр бүтсэн өөрийнхөө ялдам төрхийг
Чин итгэл, гэнэн хонгор мөрөөдөлтэйгөө цуг баглаад
Цэцгийн үртэй хамт шороонд суулгачихна, тэгээд
Цас ширтэх цонхны дэргэд мартаж орхино.
Анхны дэлбээгээ нээх үзэсгэлэнт цэцгийн савнаас
Аль эрт хагацсан өөрийгөө олж харахдаа
Ахин чамайг санаж, инээмсэглэх өдрийг хүртэл
Амьдрахаар шийдсэн, орь ганцаараа...
Цонхны чинь тавцан цэцэггүй байвал, тэр л үед
Чамгүйгээр амьдарч чадахгүйгээ ойлгоё!


Нэгэн байшин

                   

Ганцхан боловч гал халуунаар дурлаж үзсэн
Богинохон гэвч болзоондоо яаран, догдолж очсон
Цурхиран уйлж, чулуун сэтгэлд гүнээсээ гомдож
Цаг зуураар дэггүйтэн, эрхлэж ч байсан.
Хүссэн мэдрэмжүүдээ амталсан, дууслаа!
Одоо дахин дараагийнх гэж байхгүй ээ
Амгалан, дөлгөөн, илүү хүлээцтэй болсон
Айлгаж, тунин гомдлын өрөө рүү гүйчихдэгээ байсан
Догдлол, хөөр, санаашрал, үл итгэхийн өрөөнүүд
Дэлгээстэй байдаг ч орох гэж яарахаа больсон
Байнга хүлээлтийн өрөөндөө ном уншаад суусан ч
Бараг түүнээс уйдах гэдгийг мартсан.
Хааяа нэг эргэлзээ гэсэн хаалгыг татчихаад, тэр дороо
Хачин гэмшээд тэвчээрийн үүд рүү сэмээрхэн буцдаг
Тэнд хэсэгхэн байхад л аяндаа ухаажин, зоригжиж
Итгэлийн үүд өөрөө нээгдээд “орооч” гэж урьдаг юм.
Өөдрөг үзлийн танхимд өглөө бүр нарыг угтаж
Оройдоо талархлын өргөөнд заавал зочилдог
Эс бөгөөс гутралын өрөө, бардамналын өрөөтэй тэмцэлдэж
Энэ орчлонд “чи ганцаараа” гэж ховсдохоор намайг булаалддаг.
Маргааш дахиад л сайхан өдөр ирнэ дээ гэж шивнээд
Хөнжилдөө шургахад хүслийн өрөө аярхан бүүвэйлдэг
Сайхан аялаад ирээрэй гэх шиг, гэрлээ бүдгэрүүлж
Санаан зоргоор би өнгөрсөн, ирээдүйд зугаалдаг.
Олон өрөө байшиндаа одоо би ер төөрөхөө байсан.
Аймшигтай хийгээд ганцаардмал ч гэж боддоггүй
Аль нэг өрөө нь хэрэггүй ч гэж санагддаггүй
Бүгд дэлгээтэй, дэлгээгүй байж л байг
Би өөрөө хаана нь орохоо сонгож чадна аа одоо...
Заримдаа гунигийн өрөөнд зориуд удмаар ч санагдах юм бил үү
Заавал тэднийг түгжээтэй болгох шаардлагагүй
Үр хүүхэдтэй болсон ч огт хориглож, лацдахгүй ээ
Үнэн гэвэл тэд минь ч бас бүх өрөөгөөр орох хэрэгтэй... 


Monday 26 January 2015

Бүсгүй хүн би


Харамлаж, санаж байсан ч

Хангалттай урт өгүүлбэрээр тайлбар тавиагүйн чинь төлөө

Хагацахаас аргагүйд хүрсэн - бүсгүй хүн би

Хэтэрхий хайртайг чинь мэдэх ч

Хэрэгтэй үед нь илэрхийлэлгүй загас шиг байсны чинь төлөө

Хэлбэр төдий үгээр дутсан - бүсгүй хүн би

Хоосорч үлдсэнийг чинь харах ч

Хорвоог марттал аргадаж, учирлаагүйн чинь төлөө

Худлаа ч хамаагүй сайхан үгсээр цангасан - бүсгүй хүн би

Хахаж цацсан хангалуун амьдралыг шаардахгүй мөртлөө

Хэдхэн нялуун үгэнд л худалдагдаж орхих

Хэтэрхий хямдхан бүсгүй хүн би...


Monday 27 January 2014

Тээртэй цаг

... Гал тэрэг довтолгох мэт цагийн зүү
Ганц хөгөөр цохилон тээртэй санагдахад
Зүрхний хэмнэл түргэсэн, цээж бөмбөрдөж
Чиний тухай бодлууд дэвхцэн бүжиглээд....
Салхийг хүлээн гиеүрэх нээлттэй тагтаар
Саваагүй моторын дуу урилгагүй зочлоход
Чихээ дэрлэн, үсэндээ шургалавч
Чиний тухай мэдрэмжүүд биеийг хүлчихэж...
Аниатай гэвч ирээдүйг үзэх мэлмийн тушаа
Ангайсан мэт тархи цурхиран янгинаад
Чамд тавьмаар мянган асуулт орон гаран зугаацаж
Тал бие минь сэрүүн зүүдэлж гитарын утсаа тастахад
Сая л нэг бүрэлзэн сүүмийх ногоон өрөө
Санах зовлонгоос чөлөөлөх мэт өмнөөс инээмсэглэн
Завсаргүй урагшлан тээртэй санагдах цохон цагны

Зайг нь салгаж орхиод бөх нойрсмоор үдэш байх ...